Sunday, February 28, 2016

Are you busy ?

Чи “завгүй” хүн мөн үү? Урдах ажлаа, төлөвлөгөө, зорилт, амжуулах гэж хичээж байгаа бүхнээ бодохоор “Надаас илүү завгүй хүн гэж хаа байх вэ” гэж хариулмаар санагдаж байгаа байх. Энэ асуултыг хэнд ч тавилаа гэсэн ингэж л хариулна. “Үгүй ээ, би бол дэлхийн хамгийн завтай хүн!” гэх нэг ч хүн гарахгүй гэдэгт мөрийцсөн ч яахав.
Хурдан өрнөлтэй өнөөгийн нийгэмд зүгээр суудаг хүн гэж үнэхээр хаана ч байхгүй болжээ. Бүгд л өглөөнөөс орой хүртэл тасралтгүй ажиллан, гар хөлөө хөдөлгөж байна. Бүх хүнд байгаа зүйл хэний ч давуу тал болдоггүй. Бүх хүн англи хэл мэддэг болчихвол “Би англи хэлэндээ сайн” гэж онгирох өөрөө утгагүй зүйл болчихно шүү дээ. Үүний адилаар, бүх хүн л завгүй байхад “Завгүй байна” гэдэг нь бусдаас 1%-иар ч болов илүү байгаагийн баталгаа болохгүй. Гэтэл ажиглаад байхад бид өөрсдөө ч мэдэлгүйгээр завгүй байдлаа “гавьяа”-д тооцон амьдарсаар байгаа билээ.
Америкийн философич Хенри Дэвид Торогийн “Дан ганц завгүй байх нь хангалтгүй. Тэрэндээ тулвал шоргоолжнууд ч гэсэн завгүй байна. Гол нь юу хийгээд завгүй байгаа нь л чухал” гэсэн үг бий. Орчлонгийн үй түмэн завгүй хүмүүсийг хооронд нь зөвхөн хийж байгаа ажлынх нь үр дүн л ялгаж байдаг. “Завгүй” гэдэг үг “Амжилттай” гэдэг үгийг орлохгүй болохыг ухамсартайгаар ойлгосон хүн л харамсах зүйлгүй амьдрах боломжтой ажээ.
Өөрийгөө завгүйд тооцсон залуучууд үүндээ гүн итгэж, шөнө бүр унтах нойроо хасан барин ямар нэг зүйлийг хийж, өөрийгөө чиглэн ирж буй бүх хүний өөдөөс “Би завгүй байгааг харахгүй байна уу?” гэсэн харцаар хариу барьж, нэг хүнтэй ярьж байхдаа ч дараагийн хүнтэйгээ ярих зүйлээ бодож, аль илүү яаралтай санагдсаныг нь санд мэнд барьж аван хийсээр өдөр өдрийг дуусгаж байна.
Яг л “завтай л байж болохгүй” гэдэг тушаал авсан юм шиг. Энэ хэв маягийн хамгийн дутагдалтай тал нь сүүлдээ илүү чухал зүйлсийг хойшлуулаад, чухал бишийг нь сонгож хийж байхдаа ч өөрийгөө “Би угаасаа завгүй л байна” гэдэг үгээрээ хуурдаг болгочихдог. Тэгээд дараа нь “Надад зав гарахгүй л байна шүү дээ”, “Би ямар хийх юмгүй суугаад байгаа хэрэг үү?” хэмээн “завгүй байдал”-аараа өөрийгөө бамбайлан, "бүтээмжгүй байдал"-аа хүлээн зөвшөөрөхгүйд хүргэдэг билээ.
Завгүй хүмүүсийн ихэнх нь өөрийгөө “Цагаа дэмий үрдэггүй” ангилалд багтаадаг боловч тэдэн дунд цагаа харин ч дэмий үрж байгаа, гэхдээ илүү стресстэйгээр үрж байгаа хүмүүс ч олон бий.
Чамаас 50 дахин илүү амжилттай амьдарч байгаа хүн чамаас 50 дахин завгүй байсныхаа хүчээр тэнд зогсож байгаа юм гэж үү? Эсвэл чамаас 50 дахин үр бүтээлтэй байсныхаа хүчээр үү? Энэ асуултын хариултыг математикийн жишээгээр ч тайлбарласан болно. Арифметик прогресс, геометр прогрессийн аль алийг нь нэгхэн тэмдэгтээр бүтээдэг. Нэмэх эсвэл үржүүлэх. Аль ч тэмдэгтийг нь бичихэд ижил цаг хугацаа шаардагдах боловч, нэг нь нөгөөгөөсөө хэд дахин илүү утгыг бий болгох чадвартай шүү дээ.

No comments:

Post a Comment

Taxation system in EU 2 - How can we calculate our net salary in Czech salary ?

 Hello hello,  It has been almost for 3 years since I wrote on my blog last time. Time flies but I don't think not so much changed in my...